Бангкок хот, 2019 оны 4-р сарын 24 – Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол 2019-20 онуудад 6 хувь болж бага зэрэг саарах төлөвтэй байгаа нь гадаадэрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт алгуур саарч байгаагаар голлон тайлбарлагдаж байна. Гэсэн хэдий ч үр дүнтэй бодлого, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өндөр байсан  ялангуяа эдийн засгийн төрөлжилт, ханшийн уян хатан байдал, бодлогын орон зай сайн байсны нөлөөгөөр нь тус бүс нутгийн орнууд 2018 оны санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг амжилттай даван туулсан гэдгийг онцлох нь зүйтэй.

Худалдааны тодорхой бус байдал харьцангуй намжмал байгаа ч дэлхийн худалдаа цаашид ч бага зэрэг саарах төлөвтэй байна гэж Дэлхийн банкны энэ удаагийн “Сорилтыг удирдах нь: Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. Бүс нутгийн ихэнх орнуудын дотоод эрэлт сайн байсан нь экспортын сааралтын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөөлрүүлсэн болохыг тайланд мөн дурдсан байна.

“Бүс нутгийн эдийн засгийн энэхүү тогтвортой өсөлт нь хамгийн доод түвшиндээ хүрээд буй ядуурлын түвшинг цаашид ч үргэлжлэн бууруулахаар байна. Тухайлбал, 2021 он гэхэд нэн ядуурлын түвшинг 3 хувиас доош хүргэн бууруулах боломжтой” хэмээн  Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлээд  “Гэвч тус бүс нутгийн хагас тэрбум орчим хүн ам эдийн засгийн хангалттай баталгаагүй байгаа нь  ядууралд эргэн нэрвэгдэх эрсдэл байсаар байна. Энэ нь бодлого тодорхойлогчдод томоохон сорилт тулгарч байгааг сануулж буй хэрэг” хэмээн онцлов.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бодлогод суурилсан сааралтын үр дүнд 2018 онд 6.6 хувь байсан өсөлтийн түвшин 2019-20 онд 6.2 хувь болон буурахаар байна. Индонез болон Малайзын эдийн засгийн өсөлт 2019 онд хэвээр хадгалагдах бол Тайланд болон Вьетнамын эдийн засгийн өсөлт энэ онд ялимгүй буурах төлөвтэй байна. Филиппин улсын хувьд, 2019 оны төсөв хугацаа хоцрон батлагдсаны улмаас эдийн засгийн өсөлт буурч болзошгүй байгаа ч ирэх 2020 онд өсөлт дахин сэргэх төлөвтэй байна.  

Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг хэвээр байх бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй байна. Камбожийн хувьд өсөлт 2018 оныхоос гадаад эрэлт төсөөлж байснаас саарах төлөвтэй байгаа ч боломжийн өндөр түвшинд хэвээр байх болно. Төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр Мьянмарын эдийн засгийн өсөлт богино хугацаанд дэмжигдэх бол эдийн засгийг төрөлжүүлэх саяхны шинэтгэл нь  эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд дэмжих төлөвтэй байна. Папуа Шинэ Гвинейн эдийн засаг  2018 оны газар хөдлөлтийн хор уршгийг арилгах хэрээр сэргэх хандлагатай байгаа бол Фижигийн эдийн засаг халуун орны циклоны дараагаар өрнөсөн бүтээн байгуулалтын ажлууд дуусгавар болох дөхсөн тул аажмаар өсөх хэдий ч өсөлтийн төлөв хандлага хадгалагдахаар байна.  

“Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөв бүхэлдээ эерэг байх төсөөлөлтэй байгаа ч 2018 онд нэлээд хүчтэйгээр мэдрэгдэж эхэлсэн эрсдлүүд тус бүс нутагт хэвээр байгаа бөгөөд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт улам удаашрах, БНХАУ-ын өсөлт төсөөлснөөс илүүгээр удаашрах магадлал, худалдааны маргаан шийдэгдэхгүй байх зэрэг нь тодорхой бус  байдал үргэлжлэх гол шалтгаанууд болж байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Ахлах эдийн засагч Андрю Мэйсон онцолсон бөгөөд “Тулгарч буй бэрхшээл сорилтуудыг аль болох идэвхтэй удирдах шаардлагатай байна” хэмээн онцлов.

Дээрх эрсдэлүүдтэй холбогдуулан авч  хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны шийдлүүдийн талаар  тайланд  мөн дурджээ. Бодлогын орон зайгаа улам бэхжүүлэх, үүний дотор 2018 онд ханшийн савалгааны эсрэг нэлээд буураад байсан валютын албан нөөцийг эргэн нэмэгдүүлэхийг зөвлөсөн  байна. Хөрөнгийн гадагшлах урсгалаас сэргийлэхийн тулд буур мөнгөний бодлогодоо тохиргоо хийх шаардлагатай байж болохыг мөн сануулжээ. Дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн асуудлуудад  онцгой анхаарах шаардлагатайг тайланд онцлохын зэрэгцээ түүний ач холбогдол – бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд таатай боломжуудыг бий болгох, хүний хөгжлийг сайжруулах зэргийг онцлон дурджээ.  

Зарим эрсдлүүд улам нэмэгдэж байгаа нь хүн амын эмзэг бүлгийг хамгаалах нийгмийн хамгаалал болон даатгалын хөтөлбөрүүдийг сайжруулах хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх шаардлага байгааг тодоор харуулж байна хэмээн тайланд онцолжээ. Өнөөдрийн байдлаар, Зүүн Ази, Номхон Далайн  бүс нутгийн хөгжиж буй орнуудын нийгмийн хамгааллын хамрах хүрээ хүн амын хамгийн ядуу 20 хувиар авч үзэхэд хөгжиж буй аль ч бүс нутгаас доогуур түвшинд байгааг анхааруулжээ.  

Номхон далайн арлын орнууд өрийн удирдлагаа сайжруулах, төсвийн зардалын үр ашийг нэмэгдүүлэх, төсвийн нөөц орон зайг нэмэгдүүлэх замаар төсвийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай байгааг тайланд мөн анхааруулжээ. Засгийн газрын өр эдгээр улс орнуудад харьцангуй доогуур түвшинд байгаа хэдий ч эдийн засгийн бүтцийн асуудлууд, эдийн засгийн өсөлтийн урт хугацаанд саарах төлөв, байгалийн гамшигт өртөмтгий байдал, төрийн үйлчилгээ, дэд бүтцийн өндөр өртөг зэргээс шалтгаалан тухайн арлын орнууд өрийн дарамтад орж болзошгүй гэж үзсэн байна.

Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнууд: ДНБ-ний өсөлтийн таамаг

 

Нэмэлт мэдээллийг дараах хаягаар орж авна уу:

www.worldbank.org/eap

Дараах хаягаар биднийг дагана уу:

@WB_AsiaPacific

Fonte: http://www.worldbank.org/mn/news/press-release/2019/04/24/east-asia-and-pacific-growth-expected-to-moderate-as-global-headwinds-persist-world-bank-says

​Os textos, informações e opiniões publicados neste espaço são de total responsabilidade do(a) autor(a). Logo, não correspondem, necessariamente, ao ponto de vista do Central da Pauta.